
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр, австралийн талаас тус улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Питер Роүи нар тус тус ахаллаа.
Уулзалтаар хоёр улсын гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа “Олборлолтын хөтөлбөр” (Extractives Program), Австралийн Амралтаараа ажиллах визний ангилалд хамруулах талаар яриа хэлэлцээ хийх, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Шинэ Коломбо төлөвлөгөө”-нд манай улс 2015 оноос албан ёсоор хамрагдах, энхийг сахиулах ажиллагаа, батлан хамгаалах, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг өргөн асуудлаар ярилцав.
Мөн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, олон талт хамтын ажиллагааны хүрээнд бие биеэ дэмжин ажиллах, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулан дараагийн уулзалтыг 2015 онд Австрали Улсад хийхээр тохиролцов.
Ноён П.Роүи тэргүүтэй Австралийн төлөөлөгчид Уул уурхайн сайд, Гадаад харилцааны дэд сайд, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад тус тус бараалхав.