
Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс Лихтенштейний Вант Улстай банк, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, эдгээр салбарт мэргэжилтнүүдээ сургах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Албани Улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой 2014 онд тохиож буйтай холбогдуулан Албанийн Парламентын дарга болон Гадаад хэргийн сайдыг өөрийн оронд хүлээн авч айлчлуулах нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засгийн салбарт өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн Төрийн сайд Реем аль-Хашими хоёр орны хоорондох худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах санал дэвшүүлэв.
Исланд Улсын Гадаад хэргийн сайд Гуннар Браги Свейнссон Монгол Улсыг НҮБ болон Арктикийн зөвлөлийн хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлж, Монгол Исландын харилцааг боловсрол, байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийлэв.