
Олон улсад уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн доод хэм хэмжээг тогтоож өгдөг бодлогын суурь баримт бичиг болох "Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" 176 дугаар конвенцид Монгол Улс нэгдэн орох талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа.
Конвенцийг Олон улсын хөдөлмөрийн 82 дугаар бага хурлаар баталж, 1998 онд хүчин төгөлдөр болжээ. Конвенцид нэгдсэн орнуудын төр, ажил олгогч, ажилчдын үүрэг хариуцлагыг тодорхой зааж, уул уурхайтай холбоотой осол гэмтлийг мэдээлэх, шалтгааныг илрүүлэх, тайлагнах үүрэг хүлээлгэдэг.
Манай орны хувьд, уул уурхайн салбарын ажиллагсад үйлдвэрлэлийн осолд хамгийн их өртсөн болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн судалгаа харуулжээ. Сүүлийн 6 жилд уул уурхайн үйлдвэрлэлийн осолд 510 хүн өртсөний гуравны нэг нь нас барж, 49 хүн тахир дутуу болжээ. Энэ салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулснаар тэнд ажиллагсдын төдийгүй нийт иргэдийн аюулгүй амьдрах эрхийг хамгаална гэж Засгийн газар үзлээ.
Сэтгэгдэл (1)