Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд энэ оны зургадугаар сарын 12-нд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр энэхүү хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд уг хэлэлцээрийн давуу тал, үр өгөөжийн талаар тодотгосон юм. Улаанбаатараас хамгийн их алслагдсан Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн 300 мянган иргэн биеэ эмчлүүлж оношлуулахаар нийслэл рүү явахын оронд бүсийн оношлогоо, эмчилгээний төвд шууд очвол онгоцоор нисэх 700 мянга, машинаар явах 200 мянган төгрөгийн зардал хэмнэгдэнэ. Онгоцоор гурван цаг нисч, машинаар бүтэн хоёр хонож байж нийслэлд ирнэ. Тэгэхээр 1400 км-ийн цаадах Увсаас Улаанбаатарт ирж эмчлүүлэх үү, эсвэл Ховд аймаг руу 200 км явж 20 мянган төгрөгийн зардал гаргах уу гэдгийн аль нь ард иргэдэд хэрэгтэй вэ. Тийм болохоор баруун бүсэд ажиллаж амьдарч байгаа иргэдийн эмчилгээ, оношилгоо, эрүүл мэндэд хэрэгтэй төсөл учраас дэмжиж байна" гэлээ.
Түүний хэлснээр төслийн 90 орчим хувь тоног төхөөрөмж, сургалтад зарцуулагдах бөгөөд Монголдоо үлдэх, ард иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах төсөл юм байна. Энэ төвд ямар тоног төхөөрөмж шаардлагатай, яаж суурилуулах вэ гэдэг талаар гурван удаа судалгаа хийгджээ. Тиймээс шаардлагатай, оновчтой тоног төхөөрөмжийг суурилуулах талд анхаарах, мөн сургалтыг ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллахтай холбох чиглэлээр тодорхой ажил хийх хэрэгтэйг Эрүүл мэндийн сайдад хэлсэн юм.



























































