“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 38 дахь дугаарт 10 дугаар сарын 07-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хуульд ямар өөрчлөлт орсон, Засгийн газрын зарим сайдын эрхлэх асуудлын хүрээ хэрхэн өөрчлөгдсөнийг эмхэтгэлийн шинэ дугаараас унших боломжтой.
Түүнчлэн энэ удаагийн дугаарт Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журамд дээрх тогтоолоор өөрчлөлт оруулжээ. “Зорчигч... 3.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад...” гэснийг “Зорчигч... 3.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг нэг хоногт 1 удаагийн оролтоор гаалийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхэд...” гэж өөрчилсөн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



























































