
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд 73.9 хувиар батлуулсан. Түүний төлөвлөснөөр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам болгож, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар тусгасан байгаа юм. Харин өнөөдөртөө багтаж Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүтцийн өөрчлөлт орж буй яамдын сайд нараар хэн, хэнийг томилох болсон талаарх тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барих гэж байна.