
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа тулгамдсан хоёр асуудлыг авч хэлэлцэв. Эхнийх нь Монгол Улсын 2015 төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбоотойгоор татвар нэмэгдүүлэх тухай асуудал яригдах болсон юм. Үүнтэй холбоотойгоор бүлгийн гишүүд Сангийн яам болоод нийслэлийг сонсох нь зүйтэй гэж үзжээ. Мөн 2015 оны төсвийн хуулийг энэ хэвээр баталсан нөхцөлд иргэдийн нуруун дээр татварын дарамт учрах бол төслийг эргүүлэн татсан ч болохгүй зүйлгүй хэмээн үзсэн байна. Ерөнхий сайдын хийсэн хоёр дахь мэдээлэл нь Засгийн газрын бүрэлдэхүүний тухай аж. Эл асуудлыг маргааш УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр хуваарьт оруулсан учраас яаралтай төслийг УИХ-д мэдүүлэхийг үүрэг болгожээ. Ингэхдээ ажил алдагдахгүй, бодлого алдагдахгүй байх, салбараа мэддэг, УИХ-ын босгыг давах зөв боловсон хүчин оруулж ирэх шаардлагатай тухай сануулсан байна. Эцэст нь, бүлгийн гишүүд сайд нарыг томилохдоо Үндсэн хууль болоод УИХ-ын тухай, Засгийн газрын тухай хуулийн дагуу асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн байр сууриндаа дахин нэгджээ.