
Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтдээ 12 хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан юм. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд тусгажээ.
Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Баярцогтын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив.
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.
Т.Энхэлээ