
УИХ -ын гишүүн Л.Эрдэнэчимэг НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага болон Конрад Аденауэрын сангаас хамтран Сингапур улсад зохион байгуулж буй Азийн эмэгтэй парламентчдын хуралдаанд оролцож байна. Тэрээр энэхүү хуралдаанд Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийг төлөөлөн оролцож байгаа бөгөөд “Монголын эмэгтэйчүүдийн улс төрд эзлэх байр суурь” сэдвээр илтгэл тавьлаа. Хуралдаанд Азийн 11 орны төлөөлөгч оролцож бүс нутагтаа эмэгтэй парламентчдын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Бүсийн хэмжээнд бүлэг байгуулснаар бүс нутагт сүлжээ болон өргөжиж байгаа хүний наймаа зэрэг гэмт хэрэгтэй хамтран тэмцэх, золиос болж буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, мөн энэ чиглэлээр аль нэг улсад хэрэгжиж буй сайн туршлагыг өөрийн улс оронд авч хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах боломж бий болно гэж үзлээ.