
Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр УИХ –ын Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, түүнд тулгарч буй сорилтууд" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Дэлхийн банкны Бээжин дэх төлөөлөгчийн газраас Худалдан авах ажиллагааны тэргүүлэх мэргэжилтэн Кофи Аваньё уригдан оролцсон байна. Тэрээр худалдан авах ажиллагаан дахь олон улсын тэргүүн туршлагаас хуваалцав. Мөн уг хэлэлцүүлэгт УИХ -ын гишүүд, Сангийн яам, Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, энэ чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм.