
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ –ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж нийт гишүүдийн 84,3 хувь нь дэмжлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. УИХ -ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн төслийн нэг дэх хэсгийг хасах зарчмын зөрүүтэй болон тогтоолын төслийн тэмдэглэх хэсгийг УИХ –ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 4.1.2 дахь заалт, 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012 - 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь” гэж өөрчлөх найруулгын шинжтэй өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Энэ тогтоол батлагдсанаар Тавантолгой - Гашуунсухайт, Хөөт - Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм -ээр, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой - Сайншанд - Баруун - Урт - Хөөт - Чойбалсан, Хөөт - Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар боллоо.
Сэтгэгдэл (1)