Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, .Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ жилийн төсөвт орон нутагт хөрөнгөө захиран зарцуулах эрхийг өгөх эсэх дээр гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж байна. Ж.Энхбаяр: “Орон нутгийнхан мөнгө авна гэж тооцоолоод өр зээл тавьчихсан зүйл ч байна. Төрийн санд хэчнээн зуун сая төгрөгийн гүйцэтгэл гарчихаад төлбөрөө авч чадахгүй аж ахуй нэгжүүд байгааг мэдэж байна уу. Төсөв мөнгө хэмнэнэ гээд л байдаг, гэтэл төсвийн урсгал зардал хэрээс хэтэрлээ. Хэдэн тэрбумаар ой тэмдэглэн, салют буудуулах юм. Төсвийн хөрөнгөөр бөөний төв бариад л хувийн хэвшлийнхний хийх ёстой ажлыг гардаад явдаг нь яаж байгаа юм. Дутуу обьектуудаа дуусгах боломжтой байсан мөнгийг та үр ашиггүй зарцуулсан” гэлээ. Харин Ерөнхий сайд “Босгох шаардлагатай 400 гаруй обьект бий. Нүүрсний мөнгө орж ирсэн үед нь эхлүүлчихсэн, одоо өгчих мөнгө байхгүй гэдгийг учирлаад л байна шүү дээ. Гэхдээ орон нутагт өгч буй мөнгөөр үнэхээр шаардлагатай гэвэл үргэлжлүүлээд гүйцээж болно шүү дээ. Аль обьектийг гүйцээхээ өөрсдөө шийдэг. Улсаас барина гэхээр явцын дунд өртөг нь өсөөд байгааг мэдэж байгаа биз дээ. Яармагт баригдаж буй 300 ортой эмнэлэг л гэхэд одоо 16 тэрбумийг зарцуулчихсан, дуусгах гэхээр дахин 16 тэрбум хэрэгтэй болсон. Үр ашгийн хувьд бид харин ч ашигтай зүйлд зарцуулж байгаа” гэж хариулсан юм.


















































