
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдаад 90 жил болсон ч музейн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт байхгүй, музей, үзэсгэлэн, цуглуулгын ялгаа тодорхой бус, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах тогтолцоо бүрэн төлөвшөөгүй тул музейн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгарч, Музейн тухай анхны хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Энэ хуулийн төслөөр музейн нэр томъёоны тодорхойлолт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, музей байгуулахад тавигдах шаардлага, музейн төрөл, түүнтэй төстэй байгууллагын эрх, үүрэг, музейн сан хөмрөгийн бүрдүүлэлт, бүртгэн баримтжуулалт, үзлэг тооллого, судалгаа шинжилгээ хийх болон сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдал, үйлчилгээ, ашиглалт, сурталчилгаа, ажилтны ёс зүйн асуудлыг хуульчилна. Хуулийн төсөл батлагдсанаар музейн үйл ажиллагаа, түүнийг эрхлэх, сан хөмрөгт агуулагдаж байгаа мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд хүргэх, иргэдийг оролцуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.