
Салаавч гаргасныг минь уучлаарай
Тэрээр салаавч гаргасан үйлдлийнхээ төлөө олон нийтийн уучлал хүслээ. Урьд нь хүний өөдөөс тэгж салаавч гаргаж үзээгүй гэдгээ мөн илэрхийлэв. Гэхдээ салаавч гаргах шалтгаан нь маш ноцтой зүйл байсныг анзаарахгүй өнгөрч болохгүй. Хуурай өлсгөлөн зарлаад амь насаараа дэнчин тавин тэмцэж байхад нь шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхан хүчээр хоол идүүлэх гэж их оролдсон. Эхэндээ бууз тавиад үнэртлүүлж байсан бол сүүлдээ дарж хэвтүүлж байгаад шулуун гэдсээр нь /бөгсөөр нь/ тэжээл шахахыг оролдсон болохоор тэвчээр барагдаж тэмцэж, эсэргүүцсэн тухай ноцтой зүйлийг ярив. Олон хоног өлсгөлөн зарласан болохоор оюун санаанд нөлөөлж, тархи нь хордож эхэлсэн болохоор “уурлуулж болохгүй шүү” гэж эмч нар зөвлөж байсныг түүний гэргий О.Цолмон дурссан юм. Огцом уураас болж шууд цус харваж ч болох өндөр эрсдэл бий болоод байхад манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан хүчээр тэжээл шахахаар оролдсон гэв.
С .Баяр, Ж.Бямбадорж нар их өрийн асуудлаар бууж өгчихөөд байсан
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ОХУ-д төлөх их өрийг тэглэсэн гэсэн гавьяа мөнхөд дагалддаг. Харин тухайн үеийн гэрээ хэлэлцээр маш амаргүй явагдаж байсан ажээ. ОХУ-ын Ерөнхий сайд Касьянов хурлын протколоо Ё.Отгонбаяр, С.Батболд руу авч шийдэж байсан. Нийт өрийнх нь 95 хувийг хөнгөлж, 5 хувиа төл гэж байхад зөвшөөрөх яах гээд байгаа юм гэх мэтээр маш ширүүн байсныг тэрээр эргэн дурссан байна. Мөн хэлэлцээрт оролцож байсан бусад бүх нөхөд нь бууж өгч “ОХУ-ын байр суурийг хүлээн зөвшөөр, бүхэл бүтэн 95 хувиа хөнгөлүүллээ. Үүнээс илүү яах гэсэн юм” гэж Н.Энхбаярруу дайрч байсан гэв. Тэдний гол төлөөлөгчид нь С.Баяр, Ж.Бямбадорж нар ажээ. Харин Н.Энхбаярын нүдэнд буусан эмгэн, өвгөн хоёрын дүр хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн болохоор гүрийж суусаар байгаад 98 хувиа хөнгөлүүлж чадсан гэж хуучиллаа. Тэр эмгэн өвгөн ямар хүмүүс байсныг санахгүй ч, ард түмэн минь ингээд бүлтийтэл харж байгаа гэсэн бодол хатуу байсан гэв. Ийнхүү тэрээр их өрийг тэглэхэд ганцаараа хамгийн хатуу байр суурьтай байсан. Бусад нь бууж өгөөд байсан гэдгийг онцлов. Үйлс зорилго нэгдэж явсан журмын нөхрөө тэрээр зөвхөн ингэж доош нь хийсэнгүй. С.Баяр 2008 оны долдугаарын сарын 01-ний өдөр цагдаа нарыг тат гэсэн үүрэг өгч МАХН-ын байрыг хамгаалалттгүй орхиж шатаалгасан, мөн сонгууль будлиантуулсан үүнийг нь шалгах ёстой байсан гэв. Мөн С.Баяр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэдоржтой нийлж байгаад намайг унагасан гэсэн гомдлоо ч давтан илэрхийлэв.
Ц.Элбэгдоржийг шоронд явуулахгүйн төлөө П.Жасрай бид хоёр шүүхэд нөлөөлсөн
Мөн тэрээр хамгийн гомдолтой явдаг нэгэн хүнийхээ тухай нэлээд дэлгэрэнгүй түүх ярив. П.Жасрай гуайн Засгийн газрын үед Ц.Элбэгдорж гадаад улсын тагнуулын байгууллагууд Монголд ажиллаж байна гэж талбай дээр зарласан. Энэ мэдээллээ УИХ-ын шалгалтын ажлын хэсэгт явж байхдаа олж мэдсэн. Гэтэл манай тагнуулын байгууллагууд тэр гадаадын тагнуулын байгууллагын салбар, сүжлээг хяналтанд авчихсан сөрөх тагнуулын ажиллагаа явуулж байсан. Харин Ц.Элбэгдорж улсын нууц гудамж талбайд зарласнаар тэд алга болж, манайхан хяналтаа алдсан. Ийм явдал болж хуулиараа гарцаагүй шоронд орохоор байхад П.Жасрай гуай “залуу хүнийг ингэж болохгүй” гэж хэлж байсан. Би ч үүнтэй санал нэг байсан. Хуулийн дагуу Тагнуулын байгууллага эрх ашгаа хамгаалж ажиллаж байхад бид Ц.Элбэгдоржийг яаж авч гарах вэ? шоронд явуулчихгүй юмсан гэж шүүхэд нөлөөлөх ажил хийж явсан гэв. Тэгэхээр Ц.Элбэгдоржийг хэцүү байдалд ороход нь аварч байсан хүн өөрөө болж таарав. Мөн түүнтэй үй зайгүй найз, хүүхдүүдээ өвдөхөд хамт эмнэлэгийн коридорт сахиж хонож байсан. Бакула Ринбүүчигээс хамтдаа нэр залж байсан. Харамсалтайгаар охиноо алдаж, Ц.Элбэгдоржийн хүү эсэн мэнд өссөн тухай сэтгэл эмтрэм түүхийг ярьсан юм.
Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар зуучилж Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар гуйж байв
Тэргүүн хатагтай асан О.Цолмон “Ц.Элбэгдорж 2004 онд Америкаас ирчихсэн гудамжинд явж байсан. Нам нь ч тоохгүй. Хар хорины засаг дарга болчихмоор байна гээд хачин юм яриад явж байхад, манай хүн өрөвдөөд Ерөнхий сайд болгосон. Орой нь манайд ирээд тас тэврэлдээд л намайг ч гэсэн тэвэрч аваад л байсан шүү дээ” Ц.Элбэгдоржийн намтарт хачир нэмэв.
2000 оны сонгуульд МАХН үнэмлэхүй олонхи болчихоод байхад Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ирж уулзаад “танд хэлэх үг байна, гэхдээ бид хоёр хэлэхгүй Р.Гончигдорж дарга, Ц.Элбэгдорж дарга нар хэлнэ гэж хэлсэн. Тэдний үгийг сонсьё гээд уулзсан. Гэтэл юуны өмнө баяр хүргээд, бидэнд алдсан оносон юм их байгаа. Тэгэхээр шалгаж, барих, шоронд явуулах тийм юмыг битгий дэмжээчээ, үүний л гуйж байна гэхэд нь би тийм зүйлийг зохион байгуулахгүй, дэмжихгүй гэсэн. Ингээд УИХ дээр ч Ардчилсан намынханыг шалгах ёстой гэсэн байр суурь их яригдаж, барьж хорих санаа их гарч байсан. Би тэр болгонд нь ингэж болохгүй ээ гээд хөдлөөгүй”гэв. Үүнээс дүгнэхэд “би өмнөхийнхөө алдаан дээр тоглоогүй, харин тэр хүмүүс намайг хэлмэгдүүлсэн” гэсэн мессежийг өгч байна.
Ц.Нямдорж уйлчих шахаад гуйж явсан
МАХН 2000 оны сонгуулиар үнэмлэхүй олонхи болоход Ерөнхийлөгч Н.Багабанди дуудаж уулзаад “Ц.Нямдоржтой холбоотой хятадын тусгай албатай холбоотой гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр наад хүнээ хууль зүйн сайд болгож болохгүй” гэсэн саналаа хэлж байсан тухай тэрээр өгүүлэв. Харин тэрээр Ц.Нямдоржийг дуудаж уулзаад “Чиний тухай ийм зүйл яригдаад байна. Чамайг түр түтгэлзүүлье. Шалгуулаад тогтоолгочих, тэгээд буцаад ажилдаа орвол бүр нэр хүндтэй юм биш үү гэхэд “Ц.Нямдорж уйлчих шахаад та надад итгэ, наад муу хүмүүс чинь миний мууг үзэх гээд байгаа юм гэж гуйж байсан” гэж хуучиллаа. Гэтэл хожмоо түүнээс уйлагнан гуйж явсан Ц.Нямдорж түүнийг баривчлуулсан бололтой. “Бүх юмыг Ц.Нямдорж зохион байгуулсан шүү дээ” гэж О.Цолмон хатагтай хэлж байлаа. Энэ мэтээр түүний оролцсон нэвтрүүлэг нэлээдгүй улстөрчдийн намтарын нууцыг дэлгэж байна. Харин түүний ярианд нэр холбогдох эрхмүүд ямар тайлбар, хариу үйлдэл үзүүлэх нь сонирхолтой байна.
Сэтгэгдэл (88)