Ардчилсан намын ҮЗХ өнөө орой 18 цагаас хуралдахаар зар тараалаа. ҮЗХ-ноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллах тухай зааврыг өгсөн. Үүнийх нь дагуу шинэ Ерөнхий сайд АН-ын бүлгээс Засгийн газарт хамтарч ажиллах талаар нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх ажлын хэсгийг байгуулсан. Өнөөдөр болсон бүлгийн хурал дээр уг ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг зөвшилцлийн хэлэлцээрийн үр дүнг гишүүдэд танилцуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр хуралдах АН-ын ҮЗХ-гоор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, сайд нарын тохироог хэлэлцэх гэж байгаа аж. Өнгөрсөн бямба гарагт МАН-ын Бага хурал хуралдаж засагт орох нь зүйтэй гэж үзсэн юм. ИЗНН, "Шударга ёс эвсэл"-ийнхэн ч засагт хамтарч ажиллахаа Ерөнхий сайдад илэрхийлээд амжсан. Харин УИХ дахь бие даагчдын бүлэг сөрөг хүчин болж ажиллана гэж мэдэгдсэн. Өчигдөр Ерөнхий сайдын Их тэнгэрт байрлах өргөөнд МАН болон АН-ын эрхмүүд нууцаар хуралдаж сайд нарын тохироог ярилцсан сурагтай. Ямартай ч энэ бүх улс төрийн ээдрээтэй асуудалд өнөөдөр хуралдах АН-ын ҮЗХ цэг тавих шийдлийг, тур тусмаа сайд нарын бүтэц бүрэлдхүүний хуваарьлалтыг эцэслэн шийдвэрлэх байх гэж таамаглаж байна.






















































