Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нарын санаачилан боловсруулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Батхүү болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн асуудал эрхэлсэн дэд дарга Ч.Жаргалсайхан, Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Р.Дүүрэнбаяр, Зам тээврийн яамны мэргэжилтэн А.Энхболд, Хууль зүйн яамны мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн багш А.Эрдэнэтуяа, Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн хуульч Я.Мөнхжаргал нар болон холбогдох албаны бусад хүмүүс оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ.Монгол Улс зах зээлийн нийгмийн харилцаанд шилжсэнээс эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд УИХ-аас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулахаар 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинээр батлан гаргасан юм. Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш 6 удаа нэмэлт өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зохицуулалт, үзэл санаа, агуулга хамрах хүрээ нь улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжил, олон улсын жишиг, олон улсын гэрээ болон зарим хууль тогтоомжид нийцэхээргүй болж хуучирсан байна. Тиймээс хуулийн үзэл баримтлал, агуулгад бүрэн хэмжээний өөрчлөлт оруулахаар хууль санаачлагчид ажиллаж байна.























































