УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.УИХ өнгөрсөн баасан гарагт уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд бүх байнгын хороод, нам, эвслийн бүлгүүдэд хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үүрэг өгсөн юм. Байнгын хорооны хуралдаанд Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд болон тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнууд оролцсон байна. Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос төсвийн тодотголын тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
























































