Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт холбогдон цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Г.Алтанхүүг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 13.00 цагаас боллоо. Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүсэн юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-т заасан бусдыг санаатай алсан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноолоо. Г.Алтанхүүгийн өнгөрсөн хугацаанд хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцох юм. Ингэснээр Г.Алтанхүү 2 жил хоригдоод суллагдахаар болжээ.
Мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүүг талийгаач Н.Цэдэн-Ишийг хөнөөсөн болох нь тогтоогдоогүй гэж Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэж байсан. Харин талийгаачийн биед хүндэвтэр гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон гэж мэдээлж байсан билээ.
Өөрөөр хэлбэл, шүүх талийгаач Н.Цэдэн-Ишийг архины хордлогод орж нас барсан гэж үзлээ. Учир нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач Н.Цэдэн-Иш нь олон хоног дарааллан архи уусны улмаас амиа алдсан гэж гарч байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/

















































Сэтгэгдэл (20)