БНХАУ-ын хоёр иргэний амь насанд халдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарч манай цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж хэрэгтнүүдийг зургаан цагийн дотор илрүүлсэн байдаг. Сэжигтнүүдийн хувьд Г нарын таван залуу шунахайн сэдлээр хятад иргэдийн амь насьг хохироосон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. Тэгвэл уг хэргийн талаар иргэд янз бүрийн мэдээллийг тарааж, хэрэг хийсэн монголчуудаа өмөөрсөн, тэднийг баривчилсан цагдаа нарыг доромжилсон сэтгэгдлүүдийг цахим ертөнцөөр тараагаад байгаа. Үүнтэй холбогдуулж манай улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-наас холбогдох байгууллагуудад хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “БНХАУ бол Монгол Улсад оруулж буй гадаадын хөрөнгө оруулалтын тал хувийг эзэлдэг. Манай улсын иргэдийн хамтрaн байгуулсан олон компани, байгууллага ч бий. Гэтэл манай улсын иргэд амь насаа алдсан байхад доромжилсон байр суурьтай монголчууд олон байна. Үүнд анхаарна уу” гэсэн утга бүхий мэдэгдлийг хийжээ.
Уг нь хүн амины, тэр дундаа хүний аминд санаатайгаар халдсан онц хүнд гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлсэн цагдаа нараа шагнаж урамшуулж, сайшаах хэрэгтэй. Гэтэл манай улсын зарим иргэд тэднийг буруутгаж, хэрэгтнүүдийг өмөөрч, нас барсан хятад иргэдийг доромжилж байгаа нь харамсалтай юм.
Бидэнд хүртэл ийм зүйл тохиолдож байсныг санах хэрэгтэй. Ганц жишээ дурдахад л , манай улсын иргэн Ш.Алтантуяа хүний нутаг болох Малайзад харамсалтайгаар амиа алдахад Монголын ард иргэдэд ямар хүндээр тусч, хэргийн үнэн мөнийг олохыг холбогдох албан тушаалтнуудаас хүсч байсан билээ дээ. Гэтэл биднээс ялгаагүй хүний нутагт хоёр иргэнийхээ амийг алдчихаад байгаа хятадын ард иргэдэд ямар байхав. Өөрөөр хэлбэл, манай улсад амиа алдсан хятад иргэдийн ар гэрийнхний хувьд ч яг л ийм гомдолтой байгаа шүү дээ.
Дашрамд дурдахад, дээрх хэргийг илрүүлэхэд 700 гаруй цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байсныг зарим иргэд ихээр шүүмжилсэн. Тухайлбал, хятадуудыг хөнөөсөн хүнийг баривчлахад ийм их хүн ажиллууллаа. Хятад хүний төлөө ямар олон алба хаагч тэмцээ вэ гэх мэт шумыг тараагаад байсан. Гэвч өнгөрсөн онд бусдын гарт амиа алдсан АПУ компанийн борлуулалч залууг эрэн хайх ажиллагаанд 14 хоногийн турш 3500 цагдаа үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхээр Монголын цагдаа нар хэн нэгэнд ялгавартай ханддаггүй, хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж л ажиллагаа явуулдаг гэдгийг санах нь илүүдэхгүй биз. Энэ монгол хүн, энэ гадаад хүн гэж ялгаварлан хэрэгт ажиллагаа явуулна гэдэг цагдаагийн алба хаагчид хамгийн наад зах нь төр, ард иргэдийн өмнө хүлээсэн тангарагаа зөрчиж буй хэлбэр бус уу.
Д.Дуулим





















































Сэтгэгдэл (54)