Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсээс гэмт хэргийн гаралтыг бууруулахад авч хэрэгжүүлсэн ажлаа хороо, хэсгүүддээ танилцуулав. Уг дүүргийн хувьд гэр хороололд нь танхай, хулгайн хэрэг зонхилдог бол орон сууцны хороололд залилангийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлдэг. Тиймээс энэ чиглэлд цагдаагийн алба хаагчид ажиллахаас гадна архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдэд хууль журам сахиулах ажлыг өнгөрсөн онд амжилттай хэрэгжүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 1450 гэмт хэрэг бүртгэгдсэн. Илрүүлэлт улсын хэмжээнээс дээгүүр буюу 66.8 хувийн үзүүлэлттэй байгаа аж. Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд иргэдэд хүргэх үйлчилгээгээ сайжруулахаар 16 мянган хүн амтай долдугаар хороон дээрээ эрхзүйн туслалцааны төв байгуулсан. Төвөөр дамжуулан гэр хорооллын иргэдэд тэр орчимд нь эрхзүйн туслалцаа үзүүлэх боломжтой болсон байна. Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилж, борлуулдаг цэгүүдийг үйл ажиллагааг зогсоож, зарим удирдлагыг нь баривчлах арга хэмжээ авчээ. Тухайлбал, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 256 цэг байдгаас өнгөрсөн онд хууль, журам зөрчсөн 251 байгууллагыг 14 сая төгрөгөөр торгож, цөөнгүй байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг нийслэлийн Захирагчийн албанд хүргүүлсэн байна. Оны өмнөхөн “Скай”, “Мишээл” караоке, “Дурсамж”, “Ханзо” цэнгээний газар зэрэг долоон байгууллагын эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргажээ.Д.Дуулим




















































