Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд ЦЕГ-ын харьяанд Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар хэмээх шинэ байгууллага байгуулагдсан. Улмаар өнгөрсөн есдүгээр сард шинээр зохион байгуулагдсан байгууллагынхаа үндсэн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулах нээлттэй хаалганы өдөр хийж байсан билээ. Тус газар баруун дөрвөн замын дэргэдэх хуучнаар Хэрэг бүртгэх газрын байранд байрладаг бөгөөд хүн амины болон хулгайн гэмт хэрэг харьяалан шалгадаг. Тэгвэл арванхоёрдугаар сарын сүүлчээр буюу тус газрын албан хаагчид шинэ жилийн баяртай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байх үед тус газарт хулгайч орон, хамаг бичиг баримтыг нь авсан талаар бид мэдээлж байсан. Тодруулбал тус газрын байрны цонхоор нь хулгайч дамжин орж, ахлах мөрдөн байцаагч болон мөрдөн байцаагчийн өрөөнд нэвтрэн орж шүүгээнээс нь 22 ширхэг хавтаст хэрэг авч, байрных нь гадаа гарган шатаасныг хэвлэл мэдээллээр цацсан.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг үйлдсэн этгээд нь удаа дараа хулгайн хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 145-р зүлйин дөрөв дэх хэсэгт зааснаар 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх болчихсон нэгэн байсан аж.
Улмаар шуурхай ажлын хэсэг гарган ажилласаны үр дүнд хулгайчийг баривчлан, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байгаа юм. Харин хавтас хэрэг шатаасан этгээд өөрт нь холбогдох хэргийг нь шийдвэрлэхгүй, арваад жил шалгах нэрийдлээр нааш цааш нь явуулсаар байсан тул уурлаж бухимдсандаа хавтаст хэргээ шатаасан гэж албан бус эх сурвалж мэдээллээд байгаа. Мөн шатаасан эд бичиг баримт дотор түүний хэргээс гадна хүн амины хэрэгтний хавтаст хэрэг ч байсан талаарх шум тарж эхэлсэн.
Тэгвэл энэ талаар албаны хүнээс тодруулахад “Уг этгээд зөвхөн өөрт холбогдох хэргийн хавтаст хэргүүдийг л авсан байсан. Хүн амины хэрэгтэй холбоотой өөр хүнд холбогдох хавтаст хэрэг байгаагүй. ЦЕГ-аас ажлын хэсэг гарган энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Уг этгээд ийм хэрэг хийснээрээ Эрүүгийн хуулийн 145.4-д заасан 10-15 жилийн ялаасаа гадна дахин хоёр зүйл ангиар шалгагдаж, ялаа нэмүүлж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)