Өнгөрсөн оны наймдугаар сард Налайхын уурхайн нэгэн цооногоос эмэгтэй хүний цогцос олдсон аймшигт хэрэг гарсан. Тэгвэл энэхүү хэргийг түүний нөхөр болох Б.Бат-Өлзий гэгч үйлдсэн байдаг. Шүүхээс Б.Бат-Өлзийг эхнэрээ хөнөөсөн гэм буруутайд тооцож, өнгөрсөн нэгдүгээр сард 25 жилийн хорих ял оноосон юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3-т зааснаар өс хонзонгийн сэдлээр санаатайгаар хөнөөсөн хэмээн буруутган таван жилийг гянданд, үлдсэн 20 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл Б.Бат-Өлзий нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан байна. . Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх түүний гомдлыг хэлэлцэж, 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.Эхнэрээ хөнөөсөн Б.Бат-Өлзий гэгч хэн бэ
Эхнэрээ хөнөөсөн хэргээр ял сонсоод буй Б.Бат-Өлзий нь 1992 онд төрсөн 22 настай. Налайх дүүрэгт оршин суудаг байжээ. Энэхүү хэргийг ялтай байх хугацаандаа үйлдсэн байна. Тодруулбал, тэрээр 2013 онд Налайх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122.1, 100.1-т зааснаар буруутгагдаж, хоёр жилийн хорих ял сонссон ч тэнсэн харгалзаж байсан аж. Гэвч ялтай байх хугацаандаа буюу өнгөрсөн оны наймдугаар сард өс хонзонгийн сэдлээр эхнэрээ цохиж ухаан алдуулан, цүнхнийх нь оосороор хоолойг нь боож алаад, уурхайн цооногийн нүхэнд булсан байна.
Гэрчүүд юу гэж мэдүүлэв
Мөрдөн байцаалтын явцад гэрчүүд Б.Бат-Өлзий нь эхнэрээ байнга зодож, дарамталдаг учраас амьдрал нь хоёр тийш болсон гэж мэдүүлсэн байна. Хэдийгээр салсан ч гэсэн талийгаач байнга айдастай явдаг байсан тухай найз нөхөд нь мэдүүлжээ.
Б.Бат-Өлзий юу гэж мэдүүлэв
Тэрбээр эхнэрээ хөнөөсөн тухайгаа анхан шатны шүүх хурлын үеэр “Бид хоёр маргалдаад би эхнэрийгээ гарынхаа араар хацарлуу нь цохьсон. Тэгээд цаашаа болоход гараараа боочихсон байсан. Тухайн үед би хэр боосноо сайн мэдэхгүй. Нэг мэдэхэд би өөрийнхөө хамгийн хайртай хүн, хүүгийнхээ ээжийг боогоод ухаан алдуулсан байна лээ. Миний ухаан ч орж гараад байсан. Дараа нь хартал миний хайртай хүн сэрээгүй. Бие нь аль хэдийнээ хөрчихсөн байсан. Би хүүгийнхээ ээж, өөрийнхөө хайртай хүнээ алчихсандаа сандраад Налайх дүүргийн уурхайн аманд хийсэн” гэж мэдүүлсэн байна.
Тэрбээр эхнэрээ хөнөөсөн нь баримтаар тогтоогджээ
Анхан шатны шүүхээс Б.Бат-Өлзий нь өмнө нь талийгаачийг удаа дараа хардан зодож, тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь тогтоогдож шүүхээс ял шийтгэгдэж байсан, мөн хохирогчийг өөрийн хажууд байнга байлгах эрмэлзэлтэй, хохирогчийн түүнээс тусдаа амьдарч, сурч байгаа, өөр хүнтэй хамтран амьдарч байгаа нь таалагдахгүй, үүнд дургүйцэн өсөрхөж хохирогчийг удаа дараа “хоёр хөлийг нь хуга цохин өөрийн хажууд байлгана, ална” гэж заналхийлж өсөрхөж байсан нь тогтоогдсон байна.
Тэрбээр эхнэрээ хөнөөчихөөд шууд Налайхын уурхайн аманд булсан байна. Шүүх эмнэлгийн задлан дүгнэлтээр талийгаач нь амьсгал бүтэлтийн улмаас нас барсан. Цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амьд гарах боломжтой байсан гэж гарчээ.
Хэдийгээр талийгаачийн ар гэрийнхэнд гомдолтой байгаа ч Б.Бат-Өлзий нь шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг эсэргүүцэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хандсан ч ийнхүү хэвээр үлдээсэн байна.
Г.Дорж



















































Сэтгэгдэл (16)