Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр манай улс Японтой эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Уг үйл явдалд Монголын тал чухал ач холбогдол өгсөн. Урт удаан хугацаанд яригдсан гэрээг баталлаа, монголд ашигтай гэрээ боллоо, томоохон гүрэнтэй эдийн засгаараа хамтрах 13 дахь улс нь боллоо хэмээн хэвлэлүүд бичиж байсан. Гэтэл яг үнэндээ уг гэрээ талуудад чухам ямар ашигтай юм бэ гэдэг нарийн тодорхой мэдээлэл, тоо баримт тун ховор. Хэвлэлүүдээр гарсан цөөхөн хэдэн баримт нь зөвхөн манайд ямар ашигтай тухайг дурджээ. Тодруулбал, -Япон улс манайд шинэ онгоцны буудлыг барихад 36.85 тэрбум иений зээл олгоно
-Ирэх арван жилд хоёр орны хоорондын худалдааны тарифыг 96 хувиар бууруулна
-Японы өндөр технологи Монголд нутагших боломж бүрдэж байгаа
-Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас нээж өгсөн найман тэрбум иений зээлийн шугамыг үр дүнтэй ашиглана. Өөрөөр хэлбэл Японоос өндөр технологи оруулж ирэхийг хүссэн манай улсын хувийн хэвшлийнхэнд зээл олгох юм гэсэн давуу талуудыг бичжээ.
Тэгвэл Японы тал яагаад Монголтой хамтрав? Энэхүү гэрээ Японы талд ямар ашигтай юм бэ? Энэ тухай мэдээлэл нууцын түвшинд хадгалагдсан мэт байна. Харин энэ талаар Японы судлаачийн нийтэлсэн нийтлэлийг www.24tsag.mn түүвэрлэн хүргэе.
Япон-Монголын худалдаа маш бага хэмжээнийх. Өөрөөр хэлбэл Японы нийт худалдааны зөвхөн нэг хувьтай тэнцэж байгаа юм. Япон улс энэхүү гэрээг бүс нутагт эдийн засгийн харилцаа холбоогоо өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой хэмээн тодотгож байна. Гэвч үүнээс илүү том ашиг нь Монголын эрдэс баялагийн нөөц өөрөөр хэлбэл коксжуулах нүүрсний ордууд Японд илүү чухал байгаа юм. Учир нь манай улс өнөө үед атомын станцаас хамаарлаа багасгаж зохистой эрчим хүч ашиглахыг илүүд үзэж, энэхүү хэрэглээний эх сурвалжийг эрэлхийлж байна. 2011 оны гуравдугаар сард болсон гамшигт Цунами, газар хөдлөлтөөс хойш Японы эрчим хүчний дийлэнх нь цөмийн эх үүсвэртэй болсон бөгөөд бусад эх үүсвэрүүд нэн шаардлагатай байгаа юм. Тиймээс ирэх хавраас хэрэгжиж эхлэх Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ Японд энэ утгаараа өндөр ач холбогдолтой болж байна.
Гэрээг батлах өдөр Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японыг гурав дахь хөршөөрөө нэрлэсэн. Энэ нь хоёр улс соёл, боловсрол, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээнд хамтарч ажиллана гэсэн үг. Эдийн засгийн хүрээнд Монгол нь төмрийн хүдэр, алт, нүүрс, түүхий тосоороо баялаг орон. Тэгэхээр эдгээр эрдэс баялагууд Японы эдийн засгийг тогтвортой дэмжих болно хэмээн найдаж болох юм.
Өнөөгийн байдлаар БНХАУ нь Монголын эрдэс баялагийн гол импортлогч юм. Гэвч энэхүү гэрээний ачаар Хятадын уг салбарт түрэмгийлсэн байдал эрс багасна хэмээн харж байна. Нэгдүгээрт, Хятад Монголын нүүрсийг асар хямд үнээр худалдаж авдаг, хоёрдугаарт, эдийн засаг нь эрчимтэй өсч буй Хятад далайд гарцгүй орны улс төрийн бодлогод нөлөөлөх гэж үзэж буй нь Хятадаас зайгаа барих шалтгаан болно. Ингэснээр Япон улс багайлийн нөөцөөр баялаг Монгол улсын чухал импортлогчдын нэг болж болох юм.
Аояма Гакуйн их сургууль дахь Дэлхийн худалдааны байгууллагын судалгааны төвийн захирал Нобуро Ивата ингэж бичжээ. Гэтэл Монголын эрх баригчид Японд ямар ашигтай гэрээ хийснээ одоо хүртэл задлаагүй байгаа юм.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn



















































Сэтгэгдэл (7)