“Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраад холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 14.00 цагаас болно.

“Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраад холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 14.00 цагаас болно. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ч.Хосбаяр, С.Оюунчимэг, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцохоор болжээ. Түүнийг С.Энхтайвантай хамтран Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамч 22 бурханаар сольсон хэмээн буруутгаж байгаа. Өнөөдрийн шүүх хуралд хэргийг хамт үйлдсэн гэх С.Энхтайвныг мөн шүүх юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж, 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж. Мөрдөн байцаалтын явцад тэдний учруулсан хохирол 100 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна.
Б.Чимэг