МАН-ын бүлэг өчигдөр бүтэн өдөржин хуралдаж оройн 10 цагт өндөрлөв.
Хурал ширүүхэн болж байгаа талаар ордныхон өдөржин өөр хоорондоо
хөөрөлдөв.

МАН-ын бүлэг өчигдөр бүтэн өдөржин хуралдаж оройн 10 цагт өндөрлөв. Хурал ширүүхэн болж байгаа талаар ордныхон өдөржин өөр хоорондоо хөөрөлдөв. Хамгаалагчид ч сэтгүүлчдийг ойртуулахгүй байх үүргээ сайн гүйцэтгэсэн юм. МАН-ын бүлгийн хурлаар олон асуудалд хэлэлцсэн ч тэд нэгдсэн шийдэлд хүрээгүй бололтой. Бүлгийн хурлаар гишүүд тойрогтоо очиж ажилласан тайлангаа тавьж, 1.5 сая төгрөгийг өгөхгүй бол байдал хүндрэх талаар ярилцжээ. 1.5 сая төгрөгийг өгөх талаар Засгийн газар санаачлагагүй ажиллаж байгаа талаар Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Д.Загджав, Ч.Улаан нар шүүмжлэл өрнүүлжээ. Харин намын дарга С.Батболд оюутнууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ сонгууль гэхэд 1.5 сая төгрөгөө өгөөд дуусгах талаар тайлбар хийж байр сууриа илэрхийлсэн байна. Энэ үеэр шинэ сангийн сайд Д.Хаянхирваа хариуцлагагүй ажиллаж байгаа талаар Н.Ганбямба гишүүн баримт сөхөн ярьж эцэстээ бараг зодооноор өндөрлөсөн аж.
Үүнтэй зэрэгцэн Ц.Даваасүрэн гишүүн намын дарга С.Батболдтой нэлээд сөргөлджээ. Мөн Д.Загджав гишүүнийг намын бодлогод биш АН-ын С.Эрдэнийн үгэнд орж буруу зөрүү юм их ярьдаг болсныг Ц.Нямдорж гишүүн шүүмжилсэн байна. Харин Д.Тэрбишдагва гишүүн Д.Загджавыг өмөөрснөөр хэрүүл нь гурван талтай болж өргөжжээ. Үдээс хойшхи хурлаар бүх Засгийн газрын гишүүдээ суулгаж байгаад тодорхой асуудлууд ярьжээ. Мөн Ц.Нямдорж сайд болон Х.Баттулга гишүүн хоёрын зөрчлийн талаар дүгнэлт хийсэн байна. Гэтэл Ц.Нямдорж сайд өөрийн байр сууриа хамгаалж цаашид Х.Баттулгатай үзэлцсээр байхаа мэдэгджээ. Харин энэ бүхнийг харж суусан Д.Оюунхорол гишүүн сонгууль дөхчихөөд байхад ингэж хэрүүл хийж, бодлого ярихгүй байгаа талаар байр сууриа илэрхийлэн эмэгтэй хүний зангаар эвлэрүүлэх үг хэлжээ. Энэ мэтээр өдөржин хуралдсан МАН-ынхан тодорхой шийдэлд хүрэлгүй оройхон тарсан гэв. Өнөөдөр уг хурлаар ямар асуудал хэлэлцсэнээ бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийнэ. Энэ хэрүүлээ дэлгэрэнгүй тайлбарлах болов уу, яах бол?