Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнийн шийдвэрээр цагдан хоригдож буй өмгөөлөгч О.Алтангэрэл Хүний эрхийн комисст хандлаа.

Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнийн шийдвэрээр цагдан хоригдож буй өмгөөлөгч О.Алтангэрэл Хүний эрхийн комисст хандлаа. Түүний албан ёсны өмгөөлөгчөөр ажиллаж буй Н.Даваа тэргүүтэй өмгөөлөгчид өнөөдөр түүн дээр очих үеэр О.Алтангэрэл өмгөөлөгч “Намайг баривчлах ямар ч үндэслэл байхгүй. Миний үйлчлүүлэгч байсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд нарыг зүйлчилсэн зүйл анги нь цэргийн гэмт хэрэг мөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн байсан. Гэтэл Цэцээс шийдвэр гарах хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн энэ хэрэг дээр Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж буйгаас өмгөөлөл үзүүлэх эрх зүйн орчин бүрдэхгүй байсан. Бид хуулийн дагуу өмгөөлөх эрхээсээ татгалзсан. Тиймээс энэ асуудлыг нягтлан судалж өгнө үү” хэмээн Хүний эрхийн комисст албан ёсоор хандсан байна.
Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг үйлчлүүлэгчдээсээ татгалзаж, шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр танхимыг орхиж гаран, шүүхийн үл хүндэтгэсэн гэсэн үндэслэлээр цагдан хориод байгаа юм. Харин уг үйлдлийг Өмгөөлөгчдийн холбоо эсэргүүцэж буйгаа илэрхийлж, шүүхэд гомдол гаргахаар болсон байна. Энэ тухайгаа өнөөдөр О.Алтангэрэлтэй уулзах үеэрээ илэрхийлжээ. Тус холбооны зүгээс өмгөөлөгчдөд хэргийн материалтай бүхэлд нь танилцах эрх хангагдаагүй зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа аж.
Б.Чимэг