Танай байцаагч гадуур энгийн хувцастай явж, хүний хувцасны лангуунаас "Барааны чинь үнэ хэтэрхий өндөр байна. Оёдол нугалаан дээр нь асуудалтай" гээд хурааж авна гэж байна. Ямар ч бичиг баримтгүй” гэсэн мэдээлэл Мэргэжлийн хяналтын байгууллагад ирсэн байна.
Тодруулбал, нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс төрийн алба хаагчдын нэрийг барьж иргэд, аж ахуйн нэгжийг залилан мэхлэдэг 25 настай, эрэгтэй У-г саатуулжээ. Тэрээр Нийслэлийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчдын нэрийг барьж, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа найман нэрийн хүнсний дэлгүүр, ТҮЦ-ийг торгож, тамхи зарах болон бусад тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэх мэтчилэн 36 аж ахуйн нэгж, иргэнийг хууран мэхлэж 10.000-100.000 төгрөг, бараа материал зэрэг эд зүйлсийг залилсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Тэгвэл мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн нэрийг барьж зарим худалдааны төв, эмийн сангуудаар бараа, бэлэн мөнгө нэхсэн асуудал цөөнгүй гарч байгаа учир МХЕГ-аас сэрэмжлүүлэг гаргажээ.
Үүнд,
Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт аливаа үнэ, төлбөр хөлс зэрэг асуудал хамаардаггүй бөгөөд хяналт шалгалтыг удирдамжтайгаар зөвхөн Хяналтын хуудасны асуумжын хүрээнд явуулдаг болно. Түүнчлэн танд өөрийн улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлэх үүрэгтэй.
Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьсан, хяналт шалгалт явуулах гэсэн, эд зүйл болон бэлэн мөнгө нэхсэн аливаа үйлдлийг баримтжуулан холбогдох хууль хяналтын байгуулагад хандаж, гэмт үйлдлийг таслан зогсоохыг уриалж байна.
Иргэн та Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралтай асуудлаар 1800-1286, 7012-8012 дугаарын утсанд хандаж зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл авах боломжтой" гэсэн байна.