
АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) хэдэн зуун Boeing 737 MAX онгоцны зорчигчийн суудал буруу суурилуулагдсан байж болзошгүйг анхааруулж, шалгалт болон засвар хийхийг шаарджээ. Энэхүү асуудал нь ослын үед зорчигчдын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж байна.
FAA-ийн мэдээлснээр АНУ-д бүртгэлтэй 453 ширхэг Boeing 737 MAX онгоц уг асуудалд хамаарч байгаа аж. Нисэхийн байгууллагаас гаргасан урьдчилсан удирдамжид зарим онгоцны суудлын бэхэлгээ зам төмөр (seat track)-т зөв байрлалтай суурилагдаагүй байж болзошгүй гэж дурдсан байна.
Хэрэв суудал зөв бэхлэгдээгүй бол хүчтэй доргилт, ослын буулт зэрэг онцгой нөхцөлд суудал хөдөлж, зорчигч болон багийн гишүүдийг гэмтээх эрсдэлтэй. Мөн онгоцыг яаралтай нүүлгэн шилжүүлэх үед гарцыг хааж, аврах ажиллагааг удаашруулах аюултай гэж FAA тайлбарлажээ. Шалгалтаар нэг Boeing 737 MAX онгоцонд зам төмөрт бэхлэгдсэн 69 хүртэлх суудлын угсралт асуудалтай байх боломжтой бөгөөд засвар үйлчилгээ нь суудал тус бүрээр ойролцоогоор нэг цаг орчим үргэлжилнэ гэж тооцоолсон байна.

Boeing компани 2025 оны арванхоёрдугаар сард оператор компаниудад энэ асуудлын талаар мэдээлж, засвар үйлчилгээний заавар хүргүүлсэн бөгөөд FAA уг зөвлөмжийг заавал мөрдөх шаардлага болгохоор ажиллаж байна.
Энэхүү асуудал нь Boeing компанийн үйлдвэрлэлийн чанар, хяналтын тогтолцоонд дахин анхаарал хандуулах шалтгаан болж байна. Тус компани өмнө нь 737 MAX загвартай холбоотой осол, үйлдвэрлэлийн доголдлуудаас болж олон улсын хэмжээнд хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байсан.
Одоогоор уг асуудлаас болж нислэгүүдийг зогсоох шийдвэр гараагүй бөгөөд агаарын тээврийн компаниуд шалгалт, шаардлагатай засварыг хийж эхлэхээр байна.
Л.Баяр























































