Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар иргэн “М”-ийн 2-16 насны таван хүүхдийг угаартсан байдалтай байсныг илрүүлэн амь насыг нь аварчээ.
Цагдаагийн алба хаагчид энэ сарын 7-оос 8-ныг шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд “Толхын ойл” хоёрдугаар байрны орцны үүдний хэсгээс утаа гарч байхыг харсан байна. Улмаар дотогш орж шалгахад 03 тоот буюу иргэн “М”-ийн орон сууцны гал тогооны өрөөнд цахилгаан тогоо шатаж байсныг аюулгүй болгож, улмаар унтаж байсан таван хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж, эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байна. Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, зохих эмчилгээ хийж байна гэж албаныхан мэдээллээ.
Иймд иргэдийг ус буцалгагч, халаагуур, тогоо зэрэг цахилгаан хэрэгслийг залгаатай нь орхихгүй байх, цахилгаанаас үүдэлтэй гал гарахаас сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.