Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 426 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 282 дуудлага, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 10 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 18-ны өдрийн 23.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг V хороо Баянхошууны замд T.PRIUS маркийн автомашин айлын хашаа, гэрийг мөргөж жолооч 20 настай эмэгтэй Х, гэртээ байсан 37 настай эмэгтэй М, 17 настай эрэгтэй М нарын гурван хүн гэмтжээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Түүнчлэн бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ лхагва гарагаас эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Лхам