Эрчим хүчний салбарын шуурхай хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Тухайлбал, үйлдвэр, компаниуд 2018-2019 оны өвлийг хэрхэн давсан талаар, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 2019 оны техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засвар, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн ажлын явц, нүүрсний уурхайнуудын өнөөгийн байдал, нүүрсний уурхай, дулааны цахилгаан станцуудын нүүрсний өр төлбөр зэрэг асуудлаар хэлэлцсэн байна.
Эрчим хүчний сайдын тушаалаар 2019 оныг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан хийж, хэрэгжүүлж байгаа ажлын явцыг танилцуулжээ.
Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад шаардлагатай тоноглолуудад их болон урсгал засвар, ТЗБАХ-ний төлөвлөгдсөн ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэх, зуны их засвар, шинэчлэлийн ажилтай холбогдуулан хийх сэлгэн залгалт, үндсэн тоноглолыг явуулах, зогсоохдоо сэлгэн залгалтын хөтөлбөр, бэлтгэл ажлыг бүрэн хангах арга хэмжээг зөв зохион байгуулах. Мөн “ДЦС-4”, “ЭДЦС”, “ДДЦС” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэл болон томоохон бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан хугацаанд нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах, Байгалын гэнэтийн давагдашгүй хүчин зүйл буюу салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, нэгдсэн системийн томоохон зангилаа дэд станцуудын найдвартай ажиллагааг хангах үүднээс реле хамгаалалтын тавил, автоматикийн тоноглолын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр техникийн арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах, болзошгүй саатал, онцгой байдал үүссэн үед ашиглах машин механизм, дизель станц, түлшний нөөц, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн бэлэн байдлыг хангах, шуурхай ажиллагааны баг, аюулгүйн болон аваарийн сэлбэг материалыг нөөцөд бэлэн байлгах, байнгын хяналт тавьж ажиллах”-ыг “Диспетчерийн үндэсний төв”-д үүрэг болгов.