Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-0/217 тоот удирдамжийн дагуу Баянгол дүүргийн есдүгээр хороо, Уанстеп ХХК-ны Зебра дэн буудлын үйл ажиллагаанд энэ сарын 17-ний өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.
Шалгалтаар тус дэн буудал нь дотоод хяналт шалгалтын журамгүй, дотоод хяналтын ажилтангүй, буудлын зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ туйлын хангалтгүй, цагаан хэрэглэл нь урагдсан, түлэгдсэн, хиртэй, үс хөглөрсөн, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус байгууллагад илэрсэн зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа аж. Мөн Дэн буудлын зочинд олгох нэг удаагийн хэрэгслүүдээс /оо, сойз, шампунь/ шинжилгээнд авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн төв лабораторт өгсөн байна.