Монгол Улс 2013 онд Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсний хүрээнд 2014 оноос олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж байна. Улмаар бага хурлыг 2017 оноос албан ёсоор 1.5 сувгийн түвшинд буюу албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон түвшинд зохион байгуулах болсон юм.
Энэ жилийн хувьд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
VI бага хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчин: Боломж ба сорилтууд”, “Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, өрсөлдөөний динамик” гэсэн үндсэн хоёр, “Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв”, “Зүүн хойд Ази дахь хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн Азийн залуучууд, энх тайван, аюулгүй байдал” гэсэн гурван салбар хуралдааны хүрээнд явуулахаар төлөвлөжээ.
Бага хуралд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон гэсэн Зүүн хойд Азийн зургаан улсаас гадна АНУ, Европын холбоо, Канад, Нидерланд, ХБНГУ, Швед, Швейцарь, мөн НҮБ зэрэг олон улсын зарим байгууллагын төлөөллийн эрдэмтэн, судлаачид оролцох юм байна.