Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудад ажиллалаа.
Сэлэнгэ аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчид, соёлын ажилтан, уран бүтээлчид, дасгалжуулагч, тамирчидтай хийсэн уулзалтын үеэрээ Монгол Улсын Засгийн газар хүн ардаа соён гэгээрүүлэхэд онцгойлон анхаарч, үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг нийслэлд эхлүүлж байгаатай зэрэгцэн Сэлэнгэ аймгийн түүхийн музейн барилгын их засварын санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт суулгахаа илэрхийллээ. Мөн ирэх онд сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын хуучин барилгуудыг засварлахад анхаарна гэв.
Монголын багш нарын VII их хурлын уриалга, шийдвэрийн мөрөөр хийгдэх ажлууд, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого, сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, шинэчлэлийн хүрээнд юу хийж, цаашид хэрхэн ажиллах талаараа мэдээлэл хийжээ.
Энэ оныг БСШУС-ын яам “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, саяхан Авлигатай тэмцэх газартай хамтран хариуцлагатай, ёс зүйтэй байхыг салбарынхандаа болон олон нийтэд хандсан уриалга гаргасан тухай танилцуулж, дор бүрнээ үлгэрлэж ажиллахыг уриаллаа.
Улсын хэмжээнд 600.4 мянган суралцагчтай ерөнхий боловсролын салбарт эхлүүлсэн нэг чухал ажил нь “Иргэний боловсрол” хичээлийн агуулга, хөтөлбөрийг шинээр боловсруулж, сурах бичиг зохиох ажлыг эхлүүлсэн явдал аж. Уг хичээл хүүхдийг мэндэлж хүндлэх, мал амьтныг нэрлэх, байгаль дэлхийгээ хайрлахаас эхлээд жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготой бөгөөд гаднын соёлын нөлөө, шашны агуулгыг хязгаарлах юм байна.
Уулзалтын хүрээнд боловсролын салбарын мэдээллийн системээс төгсөгчдийн үнэмлэх, бичиг баримтыг баталгаажуулж олгох талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өгөв.