Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв, Ажиа гэгээнтэн Лувсантүвданы санаачлан хэрэгжүүлж буй “Ахмадын хөгжлийн ордон”-ны шав тавих ёслол энэ сарын 9-ний өдөр боллоо. Дэлхий дахинд ахмад настны тоо эрчимтэй нэмэгдэж байгаа талаар (Global Age Watch Index) насжилтын хяналтын индекс судалгааны тайландаа дурьдсан. Манай улсын хувьд ч мөн ахмад настны тоо тогтмол өссөөр байна.
Ийм учраас Ажиа гэгээнтэн өөрийн санаачлага, хөрөнгө болон сүсэгтэн олны хандив тусламжаар 5 давхар ахмад настнуудад зориулсан “Ахмадын хөгжлийн ордонг” барихаар шавыг өнөөдөр тавилаа. Ордонд хэн бүхэн, ахмад настай ээж, аавыгаа өглөө хүргэж ирээд оройдоо буцаан авах боломжтой ахмад настнуудын цэцэрлэг юм. Хүүхдийн цэцэрлэгийг бид бүхэн мэднэ. Үүнтэй адилхан ахмадын хөгжлийн төв буюу “Ахмадын хөгжлийн ордон” тун удахгүй нээгдэнэ. Барилга угсралтын ажлыг энэ онд багтаж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд “Ахмадын хөгжлийн ордон” нь Чингис хаан ОУ-ын нисэх буудлын ойролцоо, Архивын ерөнхий газрын урд байрлах юм.
Ахмад хөгжлийн ордон” нь 5 давхар бөгөөд усан эмчилгээ, сувилгаа, бариа засал, фитнес, сургалт, тоглоом, амралт, соёлын танхимуудаас бүрдэх юм. Ингэснээр ахмадуудын эрүүл аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэх юм.
Манай улсад Ажиа гэгээнтэний санаачлагаар олон ажил үр дүнгээ өгч хэрэгжээд байгаагийн нэг нь Монголчуудын хамгийн сайн мэдэх ЭХЭМҮТ-ийн дэргэд баригдсан өндөр хөгжилтэй орны төвшинд бүрэн тоноглогдсон 7 давхар “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” юм. Тус эмнэлэг 2014 онд баригдаж ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж олон хүмүүст тусласаар байна.
Сэтгэгдэл (2)