Монголын Хуульчдын холбооноос "Хуульчдын форум"-ыг "Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо" уриатай зохион байгуулж байна.
Уг форум уулзалт гурав дахь жилдээ болж буй юм. Уулзалтаар хуульчийн бие даасан байдал, хараат бус байдлын талаар хуульчид өөрийн санал санаачилгыг дэвшүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр доктор О.Мөнхсайхан прокурорын байгууллагын эрх мэдэл нэг гарт төвлөрч байгааг шүүмжилж байлаа. Тухайлбал, прокурорын байгууллагад ч Шүүхийн ерөнхий зөвлөл шиг байгууллага байх хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий прокурорыг ажил үүргээс нь чөлөөлөх зэрэг асуудал зөвхөн Ерөнхий үзэмж байх болохгүй гэсэн юм. Мөн хуульчдад аливаа хэргийг шийдвэрлэхэд ямар нэгэн нөлөө байгаа тул тэдний эрх зүйн байдал, хамгаалалтыг дээшлүүлэх шаардлагатай. Эрх зүйн байдлыг дээшлүүлэхийн сацуу хариуцлага, нэгдсэн бодлого хэрэгтэй гэдгийг хэлж байна.
Энэ удаагийн уулзалтын зорилго нь оновчтой эрх зүйн зохицуулалт бий болгох юм. Форумд 400 гаруй хуульч, УИХ-ын гишүүд, Элчин сайд, хууль зүйн салбарын доктор, профессорууд туршлага, санал санаачилгыг хуваалцаж байна. Хуульчдын форум авлигын хэргийг хянан шийдвэрлэхэд хуульчийн хараат бус байдлыг хамгаалах, хүүхдийг эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, хүний эрхэм чанарт халдах , өмгөөллийн нөхөрлөлийн удирдлага зэрэг 12 асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, шийдлийг илэрхийлэх юм.
Б.Лхам