2005 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр иргэн Д.Ойсайханы хүү Д.Ням-Очир цэрэг татлага дээрээс 21 хоног ор сураггүй алга болжээ. Дээрх хугацааны дараа хүүг нь хулгайн болон хүн амины хэрэгт холбогдсон гэж мэдэгдсэн байна. Цагдан хоригдсон хугацаанд хүүг нь эрүүдэн шүүсэн бөгөөд Д.Ням-Очир хөдөлмөрийн чадамжаа бүрмөсөн алджээ. Ингээд Орхон аймгийн Говь лагийн иргэн Д.Ойсайхантай ярилцлаа.
-Д.Ням-Очир яг ямар хэрэгт холбогдсон юм бэ?
-Миний хүү ямар хэрэгт холбогдсон талаар эхлээд надад хэлэхгүй байлаа. Харин сүүлд нь мэдсэн юм. Эхлээд хулгайн хэрэгт холбогдсон гэж байснаа хүн амины хэрэг болгож өөрчилсөн.
-Таны хүү энэ хэргийн талаар юу гэж хэлсэн бэ?
-Чи л энэ хэргийг хийсэн, чи тэгсэн хэмээн дарамталж зоддог байсан. Миний хүү тухайн үед Орхон аймагт цэрэг татлага дээр байсан. Гэтэл миний хүүд тохсон хэрэг нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байдаг. Орхон аймагт цэрэг татлага дээр байсан миний хүү нийслэл рүү нисээд ч оччихгүй бол тийм байх боломжгүй шүү дээ. Тиймээс хууль хяналтын байгууллагынхныг гайхдаг юм. Хүүг минь тухайн үед юу болоод байгааг ойлгоогүй гэсэн. Би хүүд маань хэрэг тохсон гэж боддог. Мөн маш удаан хугацаагаар цагдан хорьж, эрүүдэн шүүсэн.
-Хэдий хугацаанд цагдан хорьсон бэ?
-2005 оны арваннэгдүгээр сарын 22-оос 2006 оны аравдугаар сарын 20-ныг хүртэл буюу 330 орчим өдөр цагдан хорьсон. Хамгийн гол нь миний хүү 2005 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 22-ны өдөр хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй ор сураггүй алга болсон.
-Хаана очсоноо хэлсэн үү?
-Битүү өрөөнд аваачиж маш их зоддог байсан, цааш нь санахгүй байна гэсэн. Мөн Би хүүгээ хараад нэг л биш байгааг нь ойлгосон. Эрүүл саруул төрүүлж, өсгөсөн хүүг маань ингэж зэрэмдэглэсэнд нь их гомдолтой байдаг.
-Эрүү шүүсэн гэж та хэлж байна. Яг ямар байдлаар гэдгээ хэлсэн үү?
-Толгой руу нь дэвсдэг, хоёр хөлөөр нь доош харуулж дүүжилж шавхуурддаг, боройхоогоор ороолгодог, дөрвөн мөчийг нь хүлж зоддог байсан гэсэн. Энэ асуудал шоронд энгийн үзэгдэл гэж ярьж байсан.
-Одоо биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Маш хүнд байгаа. Толгой нь их цохидог байсан учраас тархи нь хүнд гэмтсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 70 хувийн сэтгэц мэдрэлийн өөрчлөлттэй гэж оношилсон. Үүнээс үүдэн заримдаа танихгүй хүн шиг болдог. Юм авч шиднэ, цохино, уурлана, гадагшаа гараад алга болчих гээд байдаг. Мөн хөдөлмөрийн чадамжаа 70 хувь алдсан гэсэн үг. Миний хүү хоёр хүүхэдтэй. Эхнэр нь “Би эрүүл саруул байхад нь ханилсан. Хүнийг яаж ийм болгодог байна” гээд уйлдаг юм. Арга ч үгүй дээ. Ийм хүнтэй хамт амьдрахад хэцүү байлгүй яахав. Намайг байхгүй бол хүү минь яана даа гэхээс шимшрэх юм.
-Хүү тань юу хийдэг байсан бэ?
-Миний хүү ачаа зөөж, өрхийнхөө амьжиргааг залгуулдаг байсан. Одоо бол энэ насаа хүүгийнхээ төлөө л зориулна гэж боддог. Хүүгээ сэтгэл мэдрэлийн өвчинтэй болсны дараа хүмүүсийн зөвлөснөөр Хүний эрхийн үндэсний комисст хандаж туслалцаа авсан. Би энэ байгууллагад баярлаж явдаг. Хүү бид хоёрын төлөө их зүйлийг хийж өгсөн. Мөн хуульчид хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч тусалж байгаа.
-Хүний эрхийн үндэсний комисст хэзээ хандсан юм бэ?
-2009 онд энэ байгууллагад хандсан бөгөөд тус байгууллагаас миний хүүг эрүүдэн шүүсэн гомдлыг шүүхэд гаргасан. Шүүхээс 40 сая төгрөг улсаас гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Хүмүүс намайг 40 сая төгрөгтэй болсон. Баян болсон гэж зарим нь ярьдаг. Гэхдээ миний хүү сэтгэцийн өөрчлөлттэй, хөдөлмөрийн чадвараа алдчихаад байхад энэ мөнгө юу юм бэ гэж гомдох үе бий. Энэ мөнгийг хүүгийнхээ эмчилгээний зардалд л зарцуулсан. Өдөр бүр хүчтэй антибиотик уудаг. Хавар, намрын улиралд зовиур ихтэй байдаг учраас их тунгаар уудаг юм. Мөн сэтгэл санааны хүнд үеэс үүдэн хурцдах үе байдаг.
-Ихэнх иргэд хуулийн мэдлэг дутмагаас аливаа асуудалд хэнд хандахаа мэдэхгүй эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод үлддэг гэж судлаачид ярьж байсан. Харин та өөрийгөө өндөр настай гэж гололгүй, сэтгэлийн тэвчээр гарган тэмцжээ?
-Хамгийн гол нь иргэд хуулиа гадарладаг байх хэрэгтэй гэдгийг асуудал өөрт тулгарч байж л ойлгосон. Мөн дээр нь нэмээд тууштай байх. Хүн өөрөө өөрийгөө идэвхжүүлж байж л гэр бүл цаашлаад бусдыгаа хамгаалдаг юм байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)