Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерт автжээ. Үерт нийт 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагдсан байна. Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржоор ахлуулсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчид газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллажээ.
Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог. Цианитыг хөрсөнд шингэхээс сэргийлж, насосоор соруулан бусад үүр руу шилжүүлэх ажил хийгдэж байна. Компанийн олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр зогсоож, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оны нэгдүгээр сард уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлсэн байжээ. Улмаар энэ оны гуравдугаар сард хийсэн хяналт шалгалтаар тодорхой зөрчил илэрч, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.
Гэвч “Баян Айраг Эксплорэйшн” компанийн зүгээс албан шаардлагын хариу ирүүлээгүй, үр дүнд хүрсэн ажил зохион байгуулж ажиллаагүй аж. Үерийн улмаас байгаль орчинд учруулсан байж болзошгүй хохирлын хэмжээг тооцох, хөрсөнд алдагдсан байж болзошгүй химийн бодисыг саармагжуулах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд цианидын агуулахыг лацдаж, Зөрчлийн хуулийн дагуу аймгийн прокурорын зөвшөөрлөөр улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Үүнээс гадна нуруулдан уусгах 2, 14, 15 дугаар үүрийн овоолгод хагарал үүсч нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл үүссэн байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)