Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу энэ сарын 17-ны 09.00 цагаас Монгол Улсын түүхийн шалгалтаар эхлэх гэж байна
Үүний дараа 13.00 цагаас физикийн хичээлийн шалгалт үргэлжлэн авна. Харин энэ сарын 18-нд хими, газар зүй, англи хэл авах бол 19-нд биологи, математикийн хичээлийн шалгалтыг зохион байгуулах юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын сүүлчийн өдөр энэ сарын 20-нд монгол хэл, орос хэл, нийгмийн тухай мэдлэгийн шалгалтын авна.
Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулжээ. Мөн шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Шалгалтад ашиглах харандаа, баллуурыг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгөх гэнэ.
Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ. Үүнд:
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг буюу Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна
Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна. Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2019 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэ жил улсын хэмжээнд хамгийн цөөн буюу ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгсч буй.