Энэ сарын 15-ны өдөр орсон аадар борооны улмаас Говь-алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд үер бууж, үерийн улмаас автозам усанд автаж, иргэд усанд боогдсон дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 13 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын нутгаар орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж, Улаанбаатар хотоос Лүн сумын чиглэлийн улсын чанартай 110-113 дахь км-т хатуу хучилттай автозамын зорчих хэсэг их хэмжээний усанд автаж, Баянхангай сумын иргэн Ц /4 настай эмэгтэй/ сураггүй болсон дуудлагаар /зургадугаар сарын 15-ны өдрийн 17.30 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан 20 алба хаагч, гурвхн автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Ц/4 настай эмэгтэй/-ын цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн А0301 замын 110-113 дугаар км-т автозамын зорчих хэсэгт их хэмжээний ус урсаж, замын байгууламжид эвдрэл үүсэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг явуулах боломжгүй байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас тухайн хэсэгт автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа. Мөн Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн “Зэгэс” гэдэг газар иргэн Т-ын гэр усанд автаж, найман хүн /таван том хүн, гурван хүүхэд/ усанд боогдсон тухай дуудлагаар /зургадугаар сарын 15-ны өдрийн 21.52 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж аюулгүй болголоо.
Говь-Алтай аймгийн Тайшир суманд энэ сарын 15-ны өдрийн 22.40 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас малчин М, Б, Т нарын гурван гэр усанд автаж, таван иргэн /хоёр том хүн, гурван хүүхэд/ усанд боогдсон гэсэн дуудлагаар /зургадугаар сарын 16-ны өдрийн 01.23 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, нэг автомашинтай ажиллаж, таван иргэн, гурван гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэн, аюулгүй болгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.