Нийгмийн даатгалын байгууллагаас 12.449 иргэнд 3.4 тэрбум төгрөгийн даатгалын илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэлсэн байна. Илүү төлсөн шимтгэлээ авахын тулд иргэд үндсэн ажлынхаа харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандах юм. Ингэхдээ баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэр, иргэний үнэмлэх, даатгуулагчийн нэр дээр нээсэн банкны харилцах дансны тодорхойлолт зэргийг бүрдүүлэх юм байна.
Хэрвээ үндсэн ажлаасаа гадна давхар ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь тухайн үед мөрдөгдөж буй шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгодог зохицуулалттай аж.