Энэ сарын 14-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит самбо бөхийн холимог багуудын "Мазаалай" дэлхийн цомын анхдугаар тэмцээний нээлт болох билээ. Уг ёслолд Олон улсын самбо бөхийн холбоо /FIAS/-ны дэд ерөнхийлөгч, Европийн самбо бөхийн холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Сергей Владимирович Елисеев оролцохоо мэдэгдлээ.
1984 онд ОХУ-ын Москва хотын Биеийн тамир, спортын их сургуулийг алтан медальтай дүүргэж, самбо бөхийн спорттой нэр холбогдсон Сергей Елисеев нь 2002 онд ОХУ-ын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч, 2004 оноос Европийн самбо бөхийн холбооны ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг авснаас хойш өнөөдрийг хүртэл тус спортыг олонд сурталчилж байгаа юм. Самбо бөхийн холимог багуудын "Мазаалай" дэлхийн цомын анхдугаар тэмцээний үеэр Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, ОХУ-ын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч В.Елисеев нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах бөгөөд хоёр улсын самбо бөхийн холбоодын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлэх, баг тамирчдын солилцоог идэвхижүүлэх тал дээр талууд урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрчээ.