БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 23-25 хооронд зургаан орны 90 гаруй тамирчид хоёр өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.
Манай улсыг төлөөлөн 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртэж багийн нийлбэр дүнгээр 17533 оноо цуглуулж аваргаар тодорчээ.
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр Монголын Оюун Ухааны Академи, Denk Pharma Mongolia компанийн тамирчин, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6588 оноогоор нийт тамирчдаа тэргүүлж аварга болсон бол удаах байрт Их Мастер Б.Лхагвадорж шалгарсан байна. Өсвөр насны ангилалд шинэ тамирчин Б.Энхбаясгалан, Дархан-Уул аймгаас оролцсон тамирчин Ц.Эмүжин нар II, III байрт тус тус шалгарлаа. Харин бага насны ангилалд Орхон аймгийн тамирчин А.Должин тэргүүлж Б.Энхлүүн нийлбэр оноогоор III байрт орлоо. Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Жамбалбаряням "Images" төрөлд 5 минутад 330 зураг тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ.
Мөн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Б.Баасандорж Азийн холбооны шилдэг дасгалжуулагчаар шалгарч цом хүртсэн аж.