Монголын хүүхдийн спортын VI наадам ирэх сарын 9-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Уг наадамд 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, наадам өвлийн хоёр, зуны 34 нийт 36 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд үндсэн 19, сонгох 5, паралимпийн 4, дифлимпийн 3, тусгай 3 төрлүүд орох юм байна. Зохион байгуулагчдын хэлснээр уг наадам нь манай улсад зохиогдох “Азийн хүүхдүүд 2020” олон улсын наадмын бэлтгэл болохоороо давуу талтай аж. Шилдгүүдийг 6-7 номинациар шалгаруулах бол шилдэг тамирчин, дасгалжуулагч, хороод, баг, аймаг, дүүргийг тодруулан мөнгөн шагналаар урамшуулах юм байна. Наадмын нээлт ирэх сарын 10-ны 12.00 цагт Буянт-Ухаа цогцолборт эхэлж, 15-ны өдөр Спортын төв ордонд хаалтын үйл ажиллагаа нь болох юм.
Энэ талаар Биеийн тамир, спортын газрын спортын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баттулга “Энэ удаагийн наадмын гол онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 12 төрөлд өрсөлдөх боломжийг бүрдүүлснээрээ онцлоготой. Энэ наадмаар дамжуулж олон улсын наадам, олимп, тив дэлхийн тамирчдын залгамж халааг бэлтгэнэ" гэсэн юм.