УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 59 гишүүнтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд төслийн зүйл, заалт бүрээр нь хэлэлцэж, санал хурааж байна. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаар Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой заалтуудаар санал хураалт дууслаа.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад 10 гаруй саналыг хойшлуулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай учраас завсарлага авах горимын санал гаргасан” гэлээ.
Ингээд хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй 10 гаруй саналыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр МАН-ын бүлэг завсарлага авлаа. МАН-ын бүлэг одоо хуралдаж, чуулганы хуралдаан 15.00 цагаас хуралдахаар боллоо.