Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн барилгын макетыг өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцуулсан. Тэгвэл музейн барилгын төсвийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн барилгад нийт хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ?
-Энэ сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Ирэх оны улсын төсөвт нийт найман объектын барилгын ажлыг туссан. Энд байгаа объект дундаас төсөвт өртөг нь тодорхой болсон музей нь Чингис хааны музей л байна. Урьдчилсан байдлаар нийт 24.5 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдахаар тусгасан ч уг асуудалд дахин дүгнэлт гаргуулахаар болсон.
-Байгалийн түүхийн музейг Их Тэнгэрийн аманд барихаар төлөвлөж байгаа шүү дээ. Барилгын нийт өртөг нь яг хэд байх юм бэ?
-Бидэнд танилцуулсан танилцуулгад 75.6 тэрбум төгрөг гэж хэлсэн.
-Уг төслүүдийн нийт өртөгийг анх 200 орчим тэрбум төгрөг байна гэж тооцсон гэсэн. Энэ тоо өөрчлөгдөх болов уу?
-Тийм. Санхүүжигдэх дүн нь 110 орчим тэрбум төгрөг байна гэж 2010 онд тооцоолсон байсан. Гэвч өнөөдөр болсон танилцуулга бусад мэдээллээс үзэхэд 200 орчим тэрбум төгрөгөөс давах юм байна гэсэн ойлголт авлаа.
-Удахгүй ирэх оны төсвийн асуудал хэлэлцэгдэнэ. Төсөв батлахаас өмнө зураг төслөө тодорхой болгож амжих болов уу. Таамгаар хөрөнгө тавих боломжгүй биз дээ?
-Яг л ийм шаардлага тавьж байна. Ерөнхий сайдын зүгээс ч маш тодорхой үүргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өгсөн. Мөн энэ жил бүтэн ярилаа. Газар чөлөөлөх, газар олох зэрэг асуудал байх шиг байна.
-Та хоёр хоногийн өмнө ирэх оны улсын төсвийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан гэж байна. Ирэх онд манай улс хэдэн их наяд төгрөгийн зарлага гаргаж, орлого олохоор төлөвлөж байна вэ?
-Төсвөө эцэслэж дууссаны дараа мэдээлэл өгье.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)