Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Хойд хөршийнд есөн жилийн дараа хийж байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүний албан ёсны айлчлалын хүрээнд байгалийн хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах санамж бичгийг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын "Газпром"-той байгууллаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын багийн гишүүнээр оролцсон бөгөөд айлчлалын бэлтгэл ажлыг ОХУ-д хангасан юм.
-Ерөнхий сайдын айлчлалаар хүлээгдэж байсан хамгийн чухал уулзалт ОХУ-ын Сочи хотноо уржигдар боллоо. ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах суурь айлчлалын үеэр тавигдлаа. Яриа хэлцэл хэр удаан үргэлжлэв, дараагийн ажил юу байх вэ?
-Улсынхаа нутгаар байгалийн хийн хоолойг дамжуулах тухай Засгийн газраар нэлээд хэдэн удаа яригдсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр үүнийг шийдвэрлүүлэхийн тулд надаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байсан. Ингээд арванхоёрдугаар сарын 3-нд Ерөнхий сайдын албан ёсны айлчлал эхэлсэн. Айлчлал эхлэхээс гурав хоногийн өмнө бэлтгэл ажлыг хангахаар ажлын хэсгийнхэн ОХУ-д ирж "Газпром"-ын хүмүүстэй гэрээ хэлцлийг эхлүүлсэн.
Үүний үр дүнгээр хоёр хувилбараар гэрээ хэлцлийг хийгээд айлчлалыг эхлүүлсэн. Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд албан ёсны айлчлалаа эхлүүлэхийн өмнө "Газпром" компанийн захирал, орлогч хоёртой тусгайлан уулзсан. Урьдчилж ажилласан ажлын хэсгийн дүнтэй танилцаад санал солилцсон гэсэн үг. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведевтэй хийсэн уулзалт дээр ч мөн ялгаагүй хийн хоолойн тухай хөндөж ярилцсан. Үргэлжлүүлээд ОХУ-ын Сочи хотноо Монгол Улсын Ерөнхий сайд хоёр уулзалт хийсэн. Эхний уулзалтыг Засгийн газар хоорондын комиссын дарга, ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд А.Гордеев тэргүүтэй холбогдох албаныхантай хийсэн. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон "Роснефть", "Газпром"-ын захирлууд, ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ахлагч нарын бүрэлдэхүүнтэй албан ёсны хэлэлцээ хийсэн.
Үндсэндээ "Сибирийн хүч-2" буюу ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийг хаагуур явуулах вэ гэдэг асуудлыг Монголын нутгаар явуулъя гэсэн шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпин нар тохиролцоод дэмжчихсэн ийм л зүйл байгаа. Одоо ямар асуудлуудыг тодруулах шаардлагатай вэ гэхээр нэгдүгээрт нь энэ бүхнийг хийхэд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Монголын тал ямар холбогдох хуулийг батлаж гаргасан байх ёстой вэ гэдгийг маш сайн тохиролцох шаардлагатай байгаа.
-Хууль эрх зүйн орчныг нь яаж бүрдүүлэх вэ. Ямар ямар хуульд өөрчлөлт оруулах вэ?
-Албан ёсны хэлэлцээгээр яригдсан зүйлүүдийг л хэлье. ОХУ байгалийн хийгээ хаана, ямар үнээр зарах вэ гэдэг нөхцөл үүснэ. Монгол-Оросын хилийн үнээр зарагдана. Тэгэхээр нөгөө талдаа БНХАУ-д бас зарагдах ёстой. Тэгэхээр гурван талыг хамарсан гэрээ хэлцлүүд хийгдэнэ. Энэ гэрээ хэлцлийг хүчинтэй байх ийм хэмжээний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй болно. Үүн дээр хууль эрх зүйн орчнуудаа судлах чиглэлийн экспертүүд гаргаж ажиллая гэж байгаа. Энэ чиглэлээр гурван талаас экспертүүд гарч ажиллана гэж бодож байгаа.
-Гурван талын яриа хэлцэл урьдчилсан байдлаар ямар хугацааны дараа зурагдахаар байгаа вэ?
-Эхлээд айлчлалын дүнгээ Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ. Ажлыг нэлээд эрчимжүүлж ажиллах байх. Үүн дээр тусгай ажлын хэсэг гаргах байх. Манай улсын Ерөнхий сайд, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт дээр улс төрийн хувьд янз бүрийн саад бэрхшээл алга, эдийн засгийн ашгийн хувьд мөн эргэлзэх зүйл байхгүй байна гээд Монголын нутгаар тавих хийн хоолойг эрчимжүүлэх чиглэлээр ажиллая гэдэг дээр ойлголцож тохирсон байгаа.
-Байгалийн хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулах эсэх тухай асуудал маш олон жил яригдсан. Гэвч энэ асуудал гацаанд орчихсон байсан. Үүнийг яаж арилгав, айлчлалын бэлтгэлийг хангах ажлын хэсгийнхэн ямар зарчим баримталж ажилласан бэ?
-Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай асуудал зөвхөн манай хүсэл л байсан шүү дээ. Нөгөө улсууд нь "За" гэж хэлсэн зүйл ерөөсөө байхгүй. Цаасан дээр буусан зүйл ерөөсөө байхгүй, ийм л байсан. Анх удаа энэ хоолойг Монголын нутгаар дамжуулж барина гэдгээ ОХУ илэрхийллээ. Хоёрдугаарт, энэ бүх зүйл бас л анх удаагаа энэ айлчлалын хүрээнд цаасан дээр бууж баталгаажлаа. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Зарим хүний ярьсан шиг энэ асуудал магадгүй 25 жил ярианы сэдэв байсан байх. Гэхдээ зөвхөн манай улсын зүгээс л хүслээ илэрхийлж байсан зүйл. Нөгөө талаас хэзээ ч, хэн нь ч "За" гэж хэлж байгаагүй. В.Путин Ерөнхийлөгч, "БНХАУ руу татах байгалийн хийг Монголын нутгаар дамжуулна гэдэг улс төрийн шийдвэр гарчихлаа. Эдийн засгийн үр ашиг мөн ашигтай гэсэн тооцоолол байна" гэдгийг хэлсэн. Тэгэхээр хариуцсан ажлуудаа л сайн хийх хэрэгтэй болоод байна.
-Монголын нутгаар дамжуулах хийн хоолойг ямар маршрутаар урьдчилж тохиролцсон бэ?
-Саяын албан ёсны хэлэлцээгээр бол Монголын нутгаар дамжиж өнгөрөх хийн хоолойг яг хаагуур вэ гэдгийг үндсэндээ тохиролцсон. Энэ хоолойг Монгол Улсын төмөр замын маршрутын дагуу тавина гэдгээ урьдчилж тохиролцлоо.
-Дамжуулах хийн хэмжээ ямар байх бол?
-Жилдээ 38 тэрбум метр куб хийг дамжуулах талаар хөндөж ярилцлаа. Мэдээж гол худалдан авагч БНХАУ-ын байгалийн хийн зах зээлийг бид бас нэлээд сайн судлаж үзсэн. Сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ 100 орчим тэрбум метр куб гэсэн статистик байгаа. Тэгэхээр худалдан авах зах зээлийн хувьд ямар нэгэн бэрхшээл гарахгүй гэсэн үг.
-Эдийн засгийн үр ашгийн тооцоолол, төсөөлөл байгаа юу?
-Жилдээ 38 тэрбум метр куб гэхээр эдийн засгийн үр ашиг мэдээж байгаа. Монголын нутгаар тийм том хэмжээний бүтээгдэхүүн дамжин өнгөрч байна гэхээр дамжин өнгөрсний төлбөр авна, бас байгалийн хий авах боломжууд гарч ирнэ.
-Бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхэд манай талаас хэдий хэмжээний төсөв мөнгө гарахаар байгаа вэ?
-Нарийвчилсан зураг гарахаар яг таг тоо хэлж болно. Одоо яригдаж байгаа зүйлүүд бол үндсэндээ "Сибирийн хүч-1", эсвэл Европ руу гаргаж байгаа хийн хоолойн бүтээгдэхүүн дээр үндэслэгдсэн байгаа. "Газпром" өөрөө 100 мянга гаруй км хийн хоолой барьчихсан компани. Үүн дээрээ үндэслээд Монголын нутгаар дамжих хийн хоолой өрсөлдөх чадварын хувьд маш өндөр гэж үзэж байгаагаа хэлсэн.
-Манай улсын Засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилт гаргах уу?
-Үүнийг нарийн яриагүй байна.
-Байгалийн хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийн ТЭЗҮ хэзээ гарах бол?
-Зургийн ажлыг эхлүүл гэчихсэн байгаа. Энэ ажилд жил хагас орчим хугацаа орно гэж үзэж байгаа. Монголын нутаг дээгүүрх байгалийн хийн хоолойг төмөр замыг дагасан маршрутаар хийвэл ложистикийн хувьд их амар болчихож байгаа юм.
Яагаад гэвэл мэдээж энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд маш том, том хоолой орж ирнэ. Төмөр замын маршрутаар хийвэл тээвэрлэхэд амар болно, төмөр замаараа тээвэрлэчихнэ гэсэн үг. "Сибирийн хүч-1"-ийг хийхэд ложистик багатай, цаг агаар таарамжгүй, намаг ихтэй байсан учир нэлээд төвөгтэй байсан гэдэг. Үүнийг зураг гарсны дараа дөрвөн жилийн хугацаанд барьсан.
-Манай улсаар дамжих хийн хоолой ямар урттай байх вэ?
-1060 км орчим газар хоолой тавигдана.
-Барих хугацаа нь...?
-Хоёр жилийн хугацаанд барьчих байх аа гэж урьдчилж яригдсан. Ажлын нарийвчилсан зураг гарч ирэхээр илүү тодорхой болно.
С.Ононтуул
Сэтгэгдэл (46)