УИХ-ын ээлжит чуулганаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүн асуулт асууж, хариулт авсныг хүргэе.
С.Ганбаатар: Энэ хуулийг бие даасан хууль байгаасай гэж хүсэж байна. 19 жилийн өмнө би банкны салбарт ажиллаж байхдаа Израил улс руу очих боломж гарсан юм. Энэ үед еврей хүн яагаад хүчтэй, хөгжилтэй байгаа юм бэ гэж асуусан. Гэтэл бидэнд еврей хүнийг бий болгодог хөтөлбөр, програм байдаг гэж хариулж байсан. Тэнд еврей хүнийг хүмүүжүүлдэг хүмүүнлэгийн боловсролын тухай хуультай юм билээ. Хууль нь өөрөө манлайлал, зохион байгуулалтын тухай хууль байдаг. Бид хэлийг нь, хөлийг нь хуульчлах гээд үзээд байдаг. Гэтэл сэтгэлийг нь хаячихдаг.
Энэ хуульд манлайлал, зохион байгуулалтын тал дээр ямар гол заалт байгаа вэ. Сүүлийн үед эх оронч байна гэдэг нь муулуулах нэг шалтгаан болчхоод байна. Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол гэж байдаг. Бид эрх мэдлийг уралдаад л хуульчлаад байна.
Өнөөдөр сэтгэлийг яаж зохион байгуулалтаар манлайлах асуудал чухал байна. Миний үед би үлгэр домгоор хүмүүжсэн. Миний дээд үе тууль хайлж хүмүүжсэн. Хүмүүсийг хариуцлагажуулах биш төр нь өөрөө хариуцлагажих хэрэгтэй.
Л.Энх-Амгалан: Тантай санал нэг байна. ЕБС-ийн хүүхдүүдэд ямар хөтөлбөр байх ёстой талаар заасан байгаа. Мөн сэтгэл зүйн боловсролын асуудал, түүнийг түгээх, сэтгэл зүйн боловсролыг хэн боловсруулах талаар заасан. БНСУ-д баталсан хуультай утга, чанар агуулгын хувьд нэг. Эзэн Чингисийн гаргасан хуулийн үндэс нь сэтгэлийн боловсрол байсан гэж ойлгодог. Монголын ард түмэн энэ соёлын тээгч учраас бид хамгаалах ёстой. Еврей хүнийг яагаад илүү болгосон гэдэгчлэн Монгол хүнийг бусдаас илүү болгоход энэ хууль чухал үүрэгтэй.
А.Сүх