
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн хувьд нэгдүгээр ангид элсэн орох сурагчдыг хэзээнээс бүртгэж эхлэх вэ. Тодорхой хугацааг товлосон уу?
-Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид энэ жилийн хувьд 79 мянган хүүхэд элсэнэ гэсэн тооцоотой байна. Эцэг, эхчүүд цар тахлын энэ үед нэгдүгээр ангийн сурагчдыг цаг хугацаандаа бүртгэхгүй байхвий гэсэн болгоомжлол байна. Ялангуяа, коронавирусний улмаас нэгдүгээр ангийнхныг ирэх аравдугаар сард бүртгэнэ гэсэн мэдээлэл тархсан. Энэ ташаа юм. БШУЯ бүртгэлийг наймдугаар сарын дундуур зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
-Нэгдүгээр ангийнхныг зургаа бус долоон настайд нь элсүүлэх тухай асуудлыг хөндөөд эхэлсэн. Үүн дээр БШУЯ ямар байр суурьтай байна вэ. Ийм боломж бий юү?
-Дэлхийн олон улс 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжсэн. Манай улс ч дэлхийн чиг хандлагыг дагаж, хөл нийлүүлэн яваа. Нэгдүгээр ангийнхныг зургаан настайд нь элсүүлэхэд асуудал байхгүй. Хамгийн гол хүндрэл нь малчдын хүүхдүүдэд тулгардаг. Тиймээс манай яамнаас малчдын хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөрийг боловсруулан ажиллаж эхлээд байна.
У.Тэргэл


























































