Цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин осолдсон асуудлаар ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Аравдугаар сарын 14-24-ны хооронд улс даяар цэрэг халах, татах ажиллагаа явагдаж байгаа. Өчигдөр 16 цагаас манай 306 анги Хэнтий аймгаас цэрэг татаад явж байсан. Нэг офицер, нэг ахлагч, 15 цэргийн албан хаагч явсан. Төмөрцогт сумаас 40 км-т зам тээврийн осол гарсан. Осол гарсан шалтгаан нь машины өрүүл хагараад, машин хажуулдсан. Дөрвөн цэргийн толгой хагарсан. Хоёр цэрэг хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан. Урд шөнө яаралтай тусламжийн бүлэг газар дээр очоод Хэнтийн нэгдсэн эмнэлэг дээр үзлэг хийсэн. Цэргүүдийн биеийн байдал зүгээр байна. Цаашид эндээ эмчилгээ хийлгэхэд болно гэсэн мэдээлэл өгсөн.
Хятад ард улсад үйлдвэрлэсэн 2008 онд ашиглалтад орсон машин. Сүүлийн үед тэвштэй машинд цэрэг татахыг хориглоод байгаа. Гэсэн ч цэргийг олноор татаж байгаа учир тээвэр хүрэлцэхгүй байна.
Мөн бүтэн сайн өдөр Баянлиг суманд манай нэг машин хажуулдсан. Зургаан цэрэг явсан. Хүн бэртээгүй. Цэрэг татах, халахад бид хариуцлагатай хандах хэрэгтэй. Бололцоотой хэмжээгээр л тээврийн хэрэгсэл гаргаж байгаа. Аймаг хооронд тээвэрлэж байна. Хилийн цэрэг дээр тээврийн хэрэгсэл асуудалтай байна. Ирэх онд хилийн заставуудын тээврийн хэрэгслийг шийдчих болов уу гэсэн төсөөлөлтэй байна.
Хоёр осолтой холбогдуулан дотоод хяналт шалгалтаа сайжруулах, холбогдох албан тушаалтнуудтай хариуцлага тооцно. Хэдий техникийн хүчин зүйл нөлөөлж байгаа ч хүний хариуцлагын асуудал яригдана. Надаас доош бүх албан тушаалтанд хамаарна” гэв.
Д.Батчулуун